data.num.edu.mn гэж юу вэ?

Энэ бол Монгол улсын их сургуулийн (МУИС) нээлттэй өгөгдлийн нэгдсэн каталог/портал юм. МУИС нь 2018 оноос өөрсдийн нээлттэй өгөгдлийг хөгжүүлэх ажлыг санаачлан хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэ порталаар дамжуулж албан ёсны эх сурвалжаас төрөл бүрийн өгөгдлийг олон нийтэд түгээж байна. Энэ санаачлагаар Монгол Улсад анх удаа дээд боловсролын байгууллага өөрсдийн үйл ажиллагааны талаарх өгөгдлийг нээж харуулсан сайн жишээ, түүчээ болж байна.

Нээлттэй өгөгдөл гэж “хэн ч чөлөөтэй ашиглаж, өөр зорилгоор хэрэглэж, дахин түгээж болдог, ихэвчлэн зохиогчийг заавал дурдах, ижил нөхцөлөөр дамжуулах лицензтэй цахим өгөгдөл” хэлдэг. Нээлттэй өгөгдлийг улс үндэстний хэмжээнд хөгжүүлснээр инновацийг дэмжих, эдийн засгийн өсөлтийг хангах, шинэ ажлын байр бий болгох, төрийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, төр-хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах, төрийн үйлчилгээг шуурхай, ил тод, хүртээмжтэй болгох, үр ашгийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.

Нээлттэй өгөгдлийг МУИС-ийн хэмжээнд хөгжүүлэхэд МУИС-ийн өгөгдлийг ашигласан шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ (цахим эсвэл бусад), өгөгдөлд түшиглэн шийдвэр гаргах үйл ажиллагааг дэмжих, сургуулийн өмнө тулгамдсан асуудлыг бодитой тодорхойлох, сургуультай хамтран ажиллах түншлэлийг (бусад их дээд сургууль, төрийн байгууллага, бизнес хувийн хэвшил гэх мэт) сайжруулах гэх мэтчилэн маш олон ШИНЭ БОЛОМЖИЙГ НЭЭХ болно.

Өгөгдлийг хэрхэн нийтэлдэг вэ?

Энэ порталд нийтлэгдэж буй ихэнх өгөгдлийг МУИС-д ашигладаг мэдээллийн системээс тодорхой давтамжаар шууд (автоматаар) нийтэлж байгаа болно. Өгөгдлийн бүрдэл бүрт шинэчлэгдэх тодорхой давтамжууд байдаг. Тухайлбал, багш ажилтны нэрс захирлын тушаалаар хичээлийн шинэ жилийн эхэнд батлагддаг, хичээлийн хуваарь ч мөн адил. Ийм өгөгдлүүд улиралдаа нэг удаа шинэчлэгдэх болно.

Зарим тохиолдолд МУИС-ийн албан ёсны num.edu.mn вэб сайт (эсвэл бусад, гэхдээ *.num.edu.mn домэйнтэй) дээр нийтлэгдсэн HTML, PDF өгөгдлийн замыг зааж өгсөн байгаа.

Өгөгдлийн бүрдэл ба өгөгдөл

Өгөгдөл гэдэг нь аливаа үйл явдал, баримтыг илэрхийлсэн, тодорхой бүтэцтэй бичвэр эсвэл тоон утгын цуглуулгыг хэлнэ. Жишээ нь, нэг багш/ажилтныг нэр, албан тушаал, холбоо барих хаяг, ажлын байрны хаяг зэрэг талбаруудаар тухайн хүний МУИС-д ажиллаж буй албан тушаал, ажилладаг бүтцийн нэгжийн талаас илэрхийлсэн баримтыг харуулсан нэг-мөр өгөгдөл байж болно. Эдгээр нэг-мөр өгөгдлүүдийг нэгтгэж цуглуулснаар өгөгдөл бий болно. HTML, PDF ч мөн адил бичвэрийн цуглуулга учир өгөгдөл гэж үзнэ. Гэхдээ

Харин өгөгдлийн бүрдэл нь тодорхой холбоо, хамааралтай өгөгдлийг багцалж нэрлэн, тайлбарлаж хадгалсныг хэлнэ. Тухайлбал, МУИС-ийн бүтэц, зохион байгуулалт, хүний нөөц гэдэг өгөгдлийн бүрдэл бүтэц, багш-ажилчид, багш-ажилчдын-боловсрол, багш-ажилчдын-эрдмийн-зэрэг зэрэг өгөгдлийг агуулсан байж болно. Өгөгдлийн бүрдэл нь нэр, тайлбар, ашиглах зөвшөөрөл гэх мэт мета-өгөгдлөөр тодорхойлогдоно.

Мета-өгөгдөл гэдэг нь "өгөгдлийн тухай өгөгдөл" – өгөгдлийн бүрдлийн үндсэн төрх байдлыг тодорхойлдог. Жишээ нь, талбаруудын тайлбар, хэзээ яаж үүссэн тэмдэглэл, үүсгэж боловсруулсан хүн/байгууллага (өгөгдлийг бүрдүүлэгч), өгөгдлийн формат г.м.

Хэрэв таны авч ашиглаж байгаа өгөгдөл алдаатай, дутуу, гүйцэд биш гэх мэт асуудал байгаа бол өгөгдлийн бүрдлийг нийтлэгч, хариуцагч нартай цахимаар, утсаар холбогдож санал хүсэлт тавих, холбогдох мэдээллийн системээр нь өгөгдлийг засуулж дахин шинэчлэн нийтлүүлэх боломжтой.

Өгөгдлийн ашиглах зөвшөөрөл

Хэрэв та МУИС-ийн нээлттэй өгөгдлийг ашиглаж байгаа бол өгөгдлийн хэрэглэгч болно. Өгөгдлийн хэрэглэгч нь нийтэлсэн өгөгдлийн линцензийн дагуу өгөгдлийг ашиглах эрх, үүрэг хүлээнэ. Энэ порталд нийтлэгдсэн өгөгдөлийн ихэнх нь CC (Creative Commons) лицензээр өгөгдлийг ашиглах эрхийг зааж өгсөн байгаа. Хэрэв өгөгдлийн лиценз:

  • CC0 (Creative Commons Zero) бол - ямар ч нөхцөл, хязгаарлалтгүйгээр бүх зүйлд чөлөөтэй ашиглахыг зөвшөөрнө,

  • CC-BY (Creative Commons Attribution) бол - Чөлөөтэй хуулах, нийтлэх, түгээх болон дамжуулах, ямар ч зорилгоор (ашгийн болон ашгийн бус) хэрэглэх, үүсмэл ажил хийхийг зөвшөөрнө гэхдээ зохиогчийг заавал дурдах ёстой,

  • CC-BY-SA (Creative Commons Attribution­Share­Alike) бол - Чөлөөтэй хуулах, нийтлэх, түгээх болон дамжуулах, ямар ч зорилгоор (ашгийн болон ашгийн бус) хэрэглэх, үүсмэл ажил хийхийг зөвшөөрнө гэхдээ зохиогчийг заавал дурдаж, ижил лицензээр цааш түгээх ёстой.

Хариуцлага

Хэрэв өгөгдлийн хэрэглэгч нь өгөгдлийн үнэн зөв байдлыг алдагдуулж ашигласан, буруу, бодит үнэнд нийцэхгүй мэдээллийг түгээсэн, дамжуулсан тохиолдолд Монгол Улсад мөрдөгдөж буй холбогдох хуулийн хариуцлага хүлээх болохыг сануулъя.

МУИС нь нээлттэй өгөгдлийг зөв, нийгэм, олон нийтэд эерэг нөлөө үзүүлэх зорилгоор, тавигдах нөхцөл шаардлагын дагуу өгөгдлийг хэрэглэж ашиглахыг уриалж байна. МУИС-ийн нээлттэй өгөгдлийг ашигласнаас үүссэн аливаа гомдол, маргаан, учирсан хохирол, ямар ч тохиолдолд хариуцлага хүлээхгүй болохыг анхааруулъя.